Сайн байна уу? Би AFS Mext хөтөлбөрөөр Монгол улсынхаа нэрийг төлөөлөөд 2019 оны 10сараас 11сар хүртэл буюу 1 сарын хугацаатайгаар Япон улс руу/Осака, Носэ/ сурагч солилцоогоор явж байсан 6 хүүхдийн нэг болох Дархан-Уул аймгийн ХААИС-лицей сургуулийн сурагч Б.Хүслэн байна. Өөрийнхөө түүхээс та бүхэнтэй хуваалцах болсондоо туйлын их баяртай байна. Мөн энэ дашрамд AFS –ынхээ хамт олонд баярлаж талархаж явдгаа нэн тэргүүнд дурдах нь зүйтэй байх.
Хөтөлбөрт тэнцэхээс өмнөх үе: 11р ангид ордог жил манай бэр эгч надад AFS KAKEHASHI 2019 буюу засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл явуулсан. Заа тэгээд л мөрөөдөл минь биеллээ оллоо доо Хүслэн минь гэж өөртөө хэлээд л их итгэлтэйгээр явлаа… Эхний шатандаа оролцлоо, тэнцсэн гэсэн хариу. Хоёрдугаар шатандаа оролцлоо,бас тэнцсэн гэсэн хариу.Харин гуравдугаар шалгаруулалт нь эхний 2 шалгаруулалтаас онцгой байсан нь юу вэ гэхээр тэнцсэн бүх хүүхдүүд нэгдсэн нэг танхимд цуглаад тэр танхимдаа шалгаруулалтаа явуулах байсан юм. Өөрийгөө ихэд л мундаг гээд л хэт өөртөө итгэчихсэн байсан хүн чинь анх тэр хүүхдүүдийг харчихаад пөөөхх эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэж энэ хүүхдүүдийг хэлдэг байх даа гэж бодож байж билээ. Шалгаруулалт дуусах талруугаа хандаж 1 ажиллагаа үлдсэн гэдэг юм байна. Тэр нь 4 асуултын дагуу хамгийн сайн мэддэг буюу Англи эсвэл Япон хэл дээр ярих байсан юм. Би Наран сургуулиасаа шилжиж явснаас хойш буюу 6 жилийн турш огт ярьж бичээгүй байж байгаад гэнэт ярих болсон чинь ярих гээд байгаа хэрнээ үгнүүдээ мартаад тухайн үед будилж өгсөн ххэ.Удахгүй хариу иртэл тэнцээгүй гэсэн хариу байсан.Анх харчихаад ээждээ юу гэж хэлнээ гэж их сандарч байж билээ.Ээждээ хэлтэл надад их урам зориг өгсөн. Ээж минь үргэлж намайг дэмжиж зөвлөж, унах үед минь босгож эрч хүч хайрлаж байдаг миний эрч хүч, мотивац минь болж өгдөг.Энэ үеэс Хүслэн гэдэг хүн илүү их хичээх хэрэгтэйг ойлгосон.Энэ үеэс эхлээд дахин Япон хэлээ сэргээхийн тулд хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг их үзэж ганцаараа японоор ярьдаг болсон. Нэг сурсан юм хэзээ ч бүр мөсөн мартагддаггүй юм билээ. Их хурдан сэргэсэн. Ингээд явсаар байгаад MEXT хөтөлбөр зарлагдаад дахин хичээгээд энэ хөтөлбөртөө тэнцээд бага байхаасаа эхлээд л очихыг хүсдэг байсан Япон оронд 1 сарын хугацаатайгаар сурч, бүр япон гэр бүлтэй болохоор болсон. Энэ үеэс эхлээд л өдөр хоногийг алгасалгүй тоолсоор, догдолсоор, япон гэрийнхэн, найз нөхөд, орчин, гэр, сургууль, зам гээд л бүхий л зүйлсээ төсөөлдөг байсан даа ххэ. Төсөөлөх тоолонд адреналин/ баяр хөөр, аз жаргалын гормон/ ялгараад л ххэ.
Нислэг ба Orientation: Нойр хүрэхгүй, тархи маань бодлоор дүүрсэн орой байлаа. Тэсэн яадан хүлээж байсан өглөө маань ирлээ. Үнэхээр өдөр хоног тоолон, догдлол дүүрэн өнгөрүүлж байсан болоод ч тэрүү үнэхээр сайхан өглөө байна шүү.
Ээж минь “тавхан хүүхэд яваад өөр онгоцонд суугаад аль эсвэл том онгоцны буудал дотор төөрчихвий” гэж их санаа нь зовон үлдсэн. Би ч бас анх удаа солонгос-япон гэсэн нислэгээр явж байсан учраас gate/хаалга/-ээ олохгүй будилахвий гэж их санаа зовсон. Гэхдээ яг үнэндээ булан тохой, баруун зүүн урд хойно гээд л чиглэлийг маань луужин мэт заасан сум их байсан. Тэр сум байхгүй байсан бол үнэхээр төөрмөөр том шүү ххэ. Тэгээд л сумаараа чиглүүлээд л яг л оньс өрөөнд ороод юм хайж байгаа хүн шиг л сумаа дагаад л явсаар байсан.
Явсаар явсаар онгоцонд суух хэсгээ буюу gate 258-р хэсгийг олоод, нисэх хүртэл цаг их байсан учраас яг онгоцонд суухаас 30 минутын өмнө 258 дээрээ цуглахаар тохиролцоод хэдэн хэсэг болоод онгоцны буудлаар ч нүд тайлж сайхан явсан даа ххэ. Надад хамгийн гоё санагдсан нь гэвэл үнэхээр цэвэр орчинтой. Бараг шалан дээр нь ялаа хүртэл халтирч унамаар үнэхээр цэвэрхэн. Мөн нэгэн талбай дээр миний хамгийн хайртай зүйл болох төгөлдөр хуурыг маань байршуулсан байсан. Хараад л сэтгэл хөдлөөд онгоцны буудлын тэрүүхэн хэсэгт өөрийн тоглох дуртай аянуудаа эгшиглүүлсэн дээ. Тоглох бүрт тэр газарт улам л дасаад, илүү дотно сайхан мэдрэмж төрөөд л , яг л стакантай усанд давс уусаж байгаа мэт л ууссаар байсан. Цаг ч болж онгоцондоо суугаад очихыг тэсэн ядан хүлээгээд байсан Япондоо ирээд л онгоцноосоо буухад уур амьсгал нь чийг үнэртээд , бүгчим яг л саунд орж байгаа мэт байсан/Хүн аливаа зүйлд дасан зохицохдоо сайн учраас хэдхэн минут орчим болоод л дасчихсан. Эхэндээ амьсгалаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг их сонин байсан/. Онгоцны буудлаас буухад AFS гэсэн самбар барьсан хүн биднийг угтаад зогсож байсан. Бүгдээрээ замд яаж явсан, ямар их догдлолтой байсан, Японд газардаад ямар их сэтгэл өндөртэй байгаагаа Англи, Японоор ам уралдуулан ярьцгааж халуун яриа өрнүүлсэн дээ.
Gate-үүд нь ингээд сайхан сумаар заагаад өгсөн байдаг учраас эцэг эхчүүд маань төөрчих болов уу гэж санаа зоволгүй амар амгалан байж болно шүү.
Цонхон талдаа суугаад үүлсийг ажаад л ихэд бодлогошронгуй явсан даа
AFS MEXT 2019 хөтөлбөрийн 6 онгоцноос буухын өмнө
Солонгосоос Япон чиглэлийн онгоцондоо суучихлаа.
Хэдхэн цагийн дараа хүсэн хүлээж байсан газраа очлоо доо ххэ
Бид зургааг онгоцны буудлаас тосож аваад галт тэргэнд явж буй нь:
Орон орны хүүхдүүдтэй Осакад байрлах “Koko Plaza” hostel-д байрлахаар болсон. Заа тэгээд очсон эхний 2-3 өдөр орон орны хүүхдүүдтэй танилцаад уулзалт болдог. Тэр эхний өдөр надад их хүнд байж билээ.Япон хүмүүстэйгээ японоороо асуудалгүй яриад ойлголцчихно.Харин ус цас ярих гэдэг шиг би англиар сайн ярьж чаддаггүй. Ярьсан ч өөртөө бага зэрэг итгэл муутай сул байдаг байлаа./Хамгийн гол нь ярих гэхээр үгсийн сан байхгүй учраас ярьж чаддаггүй ххэ / Эхний өдөр ч ярих гэхээсээ илүүтэй хүүхдүүд хоорондын яриаг сонсож чихээ сайхан нээсэн гэхэд болно.Тэгээд л англи үг өдөр бүр тогтмол давтамжтайгаар цээжилж байх минь яаавдаа гэж амаа барьж суусан юм даа. Орой нь унтахаасаа өмнө өөртөө Хүслээн чи өөртөө итгэлтэй бай!Зөв ч бай буруу ч бай ярь! Битгий ич!Битгий санаа зов! Маргаашнаас эхлээд нээлттэй чөлөөтэй өөртөө итгэлтэй бай!чи чаднаа !чи мундаг гээд л унтсан .Маргааш нь нэг л эрч хүчтэй босоод л шууд Good morning гээд л эхэлсэн дээ кк. Тэгээд л гадаад хүүхдүүд дээр очоод яриа өдөөд явж өгсөн дөө кк. Хэлтэй бол хөлтэй гэж үргэлж ээжийнхээ хэлдэг үгийг энэ үед л эд эсээрээ мэдэрсэн юм даа…. /Цаг зав гардаг л юм бол хүмүүсээ англи үг цээжлээд оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй гэж зөвлөмөөр байна/.
Хөгжилтэй,аз жаргалтай,дурсамжтай, бас догдолтой сайхан 2 хоног байлаа шүү ххэ
Бидний байрласан газар/Шин Осака,Коко Плаза/
2 өдрийн турш ийм л гоё амттай хоолнууд идлээ дээ..
Япон гэрийнхэнтэйгээ уулзсан нь: Өнөөдөр өглөөнөөс эхлээд л үнэхээр сандралтай, бас их догдлолтой байсан. Гадаад найзууд маань нэг нэгээрээ яваад л байсан яваад л байсан. Яг л цэцэрлэгийн хүүхэд ээж аавыгаа ирэхийг хүлээж суугаатай адил. Сандралаа дарах янзтай найзуудтайгаа хөзрөөр ордон хийгээд сууж байтал Хүслэнгийн хост гэр бүл ирлээ гэдгийг сонсоод нүд маань томроод л баярлаад л явчихсан./Тайланд охин Надатайгаа нэг хот, нэг сургуульд хуваарилагдсан/. Анхны сэтгэгдэл гэдэг их чухал учраас уулзсан цагаасаа эхлээд л аль болох өөрийнхөөрөө нээлттэй, яриасаг,чөлөөтэй байхыг зорьсон.1 давхарт Япон ээж аав хоёр маань ирсэн байсан. Танилцаад л хамтдаа AFS гэсэн тугийг барьж байгаад зургаа даруулаад л гэрийн зүг явсан даа. Манай гэр Шин-Осакагаас нилээд зайтай учраас замдаа маш их яриа өрнүүлж их хурдан дотноссон. /Хэрэв ээж аав хоёр нь урд дуу сонсоод нам гүм явсаар байвал түрүүлээд яриа өрнүүлээрэй. Ээж аав юм ярихгүй асуухгүй байгаа юм чинь гээд бас дуугүй яваад байж болохгүй шүү. Тэгж байж л илүү сайн ойлголцож, халуун яриа өрнүүлж , хурдан дотносох ба мөн Япон хэлээ ч хурдан сайжруулна ххэ
Осака Носэ хотдоо очоод шууд сургууль дээрээ очтол сургуулийн өдөрлөг болж байсан. Очоод л ангийн багштайгаа уулзаад дүрэмт хувцасаа сонгоод, тэр чигтээ өмсөөд явчихсан ххэ./ Дээр харагдаж байгаа зурган дээр Тайланд охин, мөн түүний хост эгч нь 2 найзын хамт зургаа даруулсан/.
Гэртэйгээ болон гэрийнхэнтэйгээ танилцсан нь: Манай хост гэр бүлд өвөө, эмээ, аав, ээж, эгч мөн надтай чацуу охин байдаг. Мөн энэ өдөр ээжийн дүүтэй болон 3 хөөрхөн хүүхэдтэй нь танилцсан/яг л манай дүү нар шиг хамт тоглоод л юм яриад л үнэхээр хөөрхөн хүүхдүүд байсан/. Анх танилцахад яг л манай Монгол ээж аав ах эгч дүү шиг минь дотно сэтгэгдэл төрүүлсэн. Надад эмээ өвөө үгүй учраас Японд ирээд эмээ өвөөтэй болоход маш их баяртай, аз жаргалтай байсан.
Миний өрөө надад их таалагдсан. Өрөөнөөсөө би тав тух, амар амгаланг маш ихээр мэдэрсэн. Аль эсвэл минимал учраас надад амар амгаланг мэдрүүлсэн гэж бодож байна. Өрөөнд маань хэрэгцээтэй бүхий л зүйлс байсан. Шүүгээ, ширээ, ор, халуун ба хүйтэн паар, мөн миний үзэх дуртай хүүхэлдэйн баатартай хөнжил гээд л . / Хэд хоногийн дараа ээж маань надад зориулж бүр толь хүртэл авч өгсөн ххэ/
Хичээлийн эхний өдөр: Манай гэр сургууль хоёр ойролцоогоор 2 км учраас өглөө алхаад явахад их сайхан. Манай хост гэр бүлд надтай чацуу Рио гэдэг охин бий. Бид хоёр нэг сургууль учраас өглөө бүр хамтдаа алхаж байхаар тохиролцсон. Харин орой манай Рио газрын теннисний дугуйлантай учраас би ганцаараа алхаж байхаар болсон. Манай гэрийнхэн маш эртэч хүмүүс. Эмээ маань үүрээр 3-4 цагт сэрээд Обэнто бэлддэг. Эмээгийн маань бэлдсэн обэнто үнэхээр амттай шүү. Бас биед эрүүл. Хичээлийн эхний өдөр обэнтогоо ширээ тойруулан идэх зуураа найзуудтайгаа илүү дотноссон. Манай ангийн охидууд яриасаг хөгжилтэй эрч хүчтэй охидууд байсан. Надад хамгийн их сонин бөгөөд таалагдсан нь гэвэл сургууль дээр огт дэлгүүр, хоолны газар байдаггүй харин хүүхэд бүр /эрэгтэй, эмэгтэй/гэрээсээ бэлдэж ирсэн эрүүл хоолоо иддэг нь маш их таалагдсан. Хичээлийн хувьд гэвэл бүх хичээл нь үнэхээр гоё ордог. Багш нар нь хүүхдүүдтэйгээ их ойр дотно яг л найзууд мэт харилцан ойлголцдог. Миний хувьд гэвэл сонсож байгаагүй шинэ үг, уншиж чадахгүй ханз байсан ч гэсэн эхний өдрөөсөө эхлээд мэдэхгүй зүйлсээ бага багаар цээжлэхээр төлөвлөсөн. Тэр тусмаа химийн хичээл дээр гарч буй шинэ үг, ханз. Учир нь би ирээдүйд япон улсад сурна гэж боддог, мөрөөддөг учраас орчинд нь ирж сурах боломж олдсон дээр нь нэг ч гэсэн мэргэжлийн үг хэллэг, ханз цээжлэж байвал надад хожим нь хэрэгтэй гэж бодсонд юм.
Эмээгийн хийсэн Обэнтонууд харахад шүлс асгарам байгаа биз?
Миний гэрлүүгээ харьдаг зам
Осака, Носэ хотын Омацүри: Өнөөдөр ээж болон эгчтэйгээ хамт ОМАЦҮРИ-нд явахдаа Монгол дээлээрээ гангарсан. Энэ өдөрлөгийн хамгийн их таалагдсан нь гэвэл оройн ёслолын буудлага, салют буюу ХАНАБИ үзсэн. Үнэхээр гайхалтай байсан. Бас их үзэсгэлэнтэй харагдаж байсан. ХАНАБИ үзчихээд сургуулийн багш нар, гэрийнхэн, бусад эцэг эхчүүдтэй хамт гадаа шарсан мах идэнгээ анимэ үзсэн. Хэзээ ч мартамгүй үнэхээр сайхан өдөр өнгөрлөө.
Tottori их сургууль дээр очсон нь: Өнөөдөр өглөө сургуулийн үүднээс нэгдсэн автобусаар дээд ангийнхаа хүүхдүүдтэй болон багш нартайгаа “ТОТТОРИ” орсон. Би замын цагийг хүртэл үр ашигтай өнгөрөөж багш нартайгаа халуун яриа өрнүүлтэл Кёүто багш Монголд ирж байсан гэхийг нь сонсоод үнэхээр сайхан санагдсан. Лантуун дохио ТББ-тай хамтарч ажиллангаа манай оронд ирж байсан юм билээ. Багшийн дуртай хоолыг нь асуутал хоносон, түлэгдсэн цуйван дээр сүүтэй цай хийж идвэл их гоё гэдэг юм ххэ. Мөн хийцтэй сүүтэй цайнд маш их дуртай гэхийг нь сонсоод Монголынхоо талаар сайхан ярилцсан даа. Автобусанд явах зуураа хэсэг цонхоор ажиж суулаа. Нэг ч хоосон ашиглаагүй талбай гэж бараг л байхгүй байсан. Бүгдийг нь тариан талбай болгон ашигласан байсан. Зохион байгуулалт , тохижуулалт нь их цэгцтэй, нямбай санагдсан.
Тоттори их сургууль дээр жил бүр гадаад багш нар англи хэл дээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Би 2019 оных дээр нь оролцсондоо их баяртай байгаа. Орон орны найзуудтай болохоос гадна мөн өөр олон орны багш нартай танилцсан шүү ххэ.Мөн манай сургуулийн 11 болон 12 ангийн сурагчид Малайз руу явж хийсэн судалгааныхаа талаар мөн илтгэл хэлэлцүүлж, мэргэжлийн багшаас зөвлөгөө авсан. Манай сургуулийн хүүхдүүд үнэхээр мундаг хүүхдүүд. Их хичээл зүтгэлтэй, шаргуу, дайчин, авьяаслаг гээд л . Ийм мундаг хүүхдүүдтэй найзууд болсондоо үргэлж баярлаж явдаг.
Бороотой нэгэн өдөр: Япон ээж нар гэрийнхээ бүхий л зүйлсийг хийж, амжуулдаг үнэхээр мундаг санагдсан. Яг л олон хөлтэй наймаалж шиг олон зүйлсийг нямбай хэрнээ хурдан хийж гүйцэтгэдэг хүчирхэг, мундаг хүмүүс. . Тэр бүрт нь ээждээ туслахад маш их баярладаг. Жишээ нь аяга угаах, хувцаснуудаа хамт эвхэж хураах, хоол хийхэд нь туслах гэх мэт. Миний хувьд гэвэл хичээлээ тарж ирээд буюу 4 гээд ээжтэйгээ хамт угаасан хувцаснуудаа өдөр бүр эвхэнгээ эзэн эзнээр нь ялгадаг байлаа. Гэтэл өнөөдөр буюу 10 сарын 8 нд бороотой өдөр байсан учраас хувцаснууд маань хатахгүй болж орхив. Тиймээс бүх хувцаснуудаа аваад угаалгын газар орохоор болсон/Ээжтэйгээ аливаа зүйлийг хийх бүртээ заавал шинэ үг цээжилдэг байсан. Ээж энийг юу гэдэг юм бэ гэж асуугаад л , ээж маань яг л миний япон хэлний багш шиг өдөр бүр үйлдэл бүртээ хэд хэдэн шинэ үг цээжлүүлдэг байсан. Тэгээд л байж байгаад гэнэт аман шалгалт авна ххэ. Энэ өдөр койн-рандори буюу зоосоор ажилладаг автомат угаалгын газар гэдэг үгийг цээжилсэн/. Замаараа ээжтэйгээ сүширо буюу алдарт сүшиний газар хоолонд орсон. Түүхий загас идэж чадах болов уу гээд эмээж байсан ч алдарт сүшиг идэхээсээ татгалзвал алдас болох юм шиг санагдаад идээд үзтэл бодож байснаас маш их амттай байсан шүү ххэ. Амттай болохоор нь амаа олохгүй идэж билээ.
Ээжийн ажилладаг супермаркеттай танилцаж өөртөө манга, гэртээ шоколадтай кофе болон, жигнэмэг авсан/ангиараа болон найзуудтайгаа хол явчихаад ирэх бүртээ гэртээ заавал жижигхэн ч хамаагүй зүйл аваад очдог байсан. Надад ч тэр гэрийнхэнд маань ч тэр их сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү ххэ. Тэгээд л бүгдээрээ ширээ тойрон сууж байгаад идэх мөч хамгийн сайхан.
Нагояа орсон нь: Манай гэрийнхэн бүгд солонгос хамтлаг сонсох их дуртай. Би ч байнга сонсож явсаар байгаад бараг л аягүй дуулахад ч бэлэн болсон доо ххэ. Өнөөдөр Нагояад Солонгосын алдарт хамтлаг ирж байгаа. Манай эгч болон Рио тэр тоглолтыг үзэх хооронд аав ээж бид гурав Нагояад байдаг түүхэн дурсгалт газар болон онгоцны нисэх буудал дээр нь очиж үзсэн. Аан тийм бас нагац эгчийн 2 хүүтэй ххэ.
The Nagoya castle
Эгч болон Рио гарч ирэхдээ цүнхээрээ дүүрэн шүтэн биширдэг хүнийхээ зурагтай тэмдэг болон дэвүүр барьчихсан гарч ирсэн. Өнөөдөр гэртээ хариад өрөөнд нь орж танилцтал өрөөнийх нь ханаар дүүрэн цагаан жаазтай дуучдын зураг, цүнх болон эко уутанд нь дүүрэн хатгаастай тэмдэг, мөн тэдний дууны хуурцаг , тоглоом гэх мэт зүйлс маш ихээр байсан гээд боддоо ххэ. Хүний хобби гэж ийм байдаг байхнээ гэдгийг эгч болон Риогийн өрөөнөөс маш сайн харж авсан даа ххэ.
Бийрэн бичлэгийн хичээл: Сонгохын хичээл гэдэг шиг хүүхдүүд явах клубуудээ сонгоод хичээллэдэг юм билээ. Миний хувьд бийрэн бичлэгийн хичээлд их сонирхолтой, маш сайн цэвэр цэмцгэр бичиж суралцахыг их хүсдэг учраас сонгосон. Бийрээр бичнэ гэдэг маш нарийн мэдрэмж шаардсан ажил юм байна лээ шүү ххэ. Бийрээ хэзээ нь өргөх үү буулгах уу ямар даралтаар бичих үү ямар налалтаар бичих үү бийрээ яаж барих уу гэх мэт маш нарийн жижиг жижиг үйлдлээс шалтгаалж янз бүр бичигддэг юм билээ. Миний хувьд эхний удаа гэхэд давгүй шүү . /Багш маань тэр нарийн үйлдэл бүрийг маш сайн зааж өгсөн учраас шүү дээ ххэ/
Багштайгаа ярилцаад Фүсэрэн/Хүслэн гэж бичихийг японоор ингэж бичдэг/ гэдэг нэрэнд тохирох , гоё утгатай ханзыг олоод жижиг самбар дээр бичсэн. Фү Сэ Рэн гэхэд 3 ханз орно. Ханз бүр утга агуулгатай учраас олон ханзнууд дундаас гоё утгатай ханзыг олох гэж ханз эвлүүлэх гэж нилээн бичиж бас бодсон. Бодсоны эцэст их гоё утгатай ханзаар бичсэн нэртэй болсон доо кк. /зөөлхөн салхи цэцэгний дээгүүр сэвэлзэх гэсэн утгатай. Дараа өөрийнхөө нэрийг катаканагаар ч тэр ханзаар ч тэр бичиж чадахуйц болсон/.
Ангийн найзууд болон багштайгаа Кобэ орсон нь: Манай сургуулийн зохион байгуулалт, төлөвлөлт их нямбай санагдсан. Долоо хоног бүрийн амралтын өдрөөр тогтмол өдөрлөг, үйл ажиллагаа, аялал болдог. Тэр бүрийнхээ талаар өдөр бүр хичээл тарсан хойно ангидаа цуглаад ангийн хурал 10 минут орчим хийдэг. Хүүхэд бүрт тухайн үйл ажиллагааны талаар танилцуулга, материал тарааж өгдөг. Хэрэв аялалаар явбал хаана хэдээс уулзах, ямар галт тэрэгний буудлаар дамжин явах, нийт хэдэн төгрөгний зардал гарах гэх мэт маш нарийн тооцоолсон хуудас тарааж өгдөг. Тэр нь надад их таалагдсан./ Мөн ангийн хурал хийж дууссаны дараа эгнээгээрээ хуваагдаад сургуулийн коридор болон анги танхимаа өөрсдөө цэвэрлэдэг нь их сонирхолтой бөгөөд таалагдсан. Тэгэхээр сургуульд цэвэрлэгч гэсэн хүн байхгүй, хүүхдүүд өөрсдөө цэвэрлэдэг гэсэн үг. /
Энэ удаагийн аялалаар манай ангийнхан Кобэ руу аялахаар болсон./Галт тэрэгний буудал дээр цугларах үеийн зураг ба өвөөгийн маань надад бэлэглэсэн цамц манай ангийн охинтой адилхан байхыг анзаараад гайхаад зөндөө зургаа даруулж билээ кк. /
Кобэд очоод хамгийн түрүүнд газар хөдлөлтийн аюулгүй байдлын тал дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага буюу оффис дээр очиж танилцсан. Дотроо нарийн зохион байгуулалттай, 5 давхар оффис байсан. 1995 онд Кобэ хотод маш аюултай , маш том сүйрэл авчирсан хүчтэй газар хөдлөлт болж байсан юм билээ. Тэрхүү газар хөдлөлтийг өөрийн биеэр мэдэрч байгаа мэт шинэ дэвшилтэт технологиор хуурамчаар мэдэрсэн. Аймаар мөртлөө их сонирхолтой байсан. Энэхүү оффисд газар хөдлөлтийн талаарх мэдлэгийг маш ойлгомжтойгоор хүүхдүүдэд танин мэдүүлж ойлгуулахын тулд 3 давхрыг тэр чигт нь газар хөдлөлттэй холбоотой тоглоомын хэсэг болгосон байсан. Бас л зөв санаа шүү ххэ. Энэхүү оффист ирж танилцсанаараа түүхийн мэдлэгээ тэлэхээс гадна, газар хөдлөлтийн үеийн талаарх мэдлэгээ өргөжүүлж чадсан.
Цааш Кобэ далай , мөн Хятад хотхон хүртэл үзсэн. Өнөөдөр олон газраар явж нүд тайлахын зэрэгцээ багш нар болон найзуудтайгаа бүүр ч дотносож япон хэлээ илүү сайжруулсан мөн аз жаргалаар дүүрэн сайхан өдөр байлаа.
Дүпүчин Хүслэн болсон нь: Аав маань Дүпү хийдэг үйлдвэрт ажилладаг. Яриасаг, нээлттэй, дөлгөөхөн, халамжтай сайн аав мөн сайн хань. Би их сониуч зантай хүн учраас ааваасаа дүпү яг яаж хийдэг юм бэ гэж асуухад аав нь дүпү хийхийг зааж өгье. Маргааш ажлаасаа ирэхдээ материалуудыг нь аваад ирье гэж надад амласан. Аавыг ажлаасаа ирэхийг хүлээж байтал яг амласан ёсоороо дүпү хийдэг материалуудыг аваад ирсэн байсан. Аавын ажилладаг газар кинү болон оборо гэсэн 2 төрлийн дүпү хийдэг юм байна лээ. Хоёуланг нь хийж үзсэн. Шар буурцагны сүүг халаагаад далайн давсыг нь шүүсэн усыг хийж халаагаад тэгээд хөдөлгөхгүй хөргөчихдөг юм байна лээ. Харин нөгөөх нь болохоор хийх дарааллыг нь эсрэгээр нь хийхэд болчихдог юм байна лээ хэхэ. Үнэхээр сонирхолтой байсан шүү.
Ээжийн хийдэг амтат хоолнууд ба аавын зааварчилгаагаар хийсэн 2 төрлийн дүпү
Найзуудтайгаа гадуур гарсан нь: Монгол найзуудтайгаа байдаг шигээ л их дотно болцгоосон байна. Амралтын өдрөөр найзуудтайгаа гарах талаар асуухад дуртайяа зөвшөөрсөн. Найзуудтайгаа гарах өдрөө ээждээ хэлтэл галт тэрэгний буудал хүртэл хүргэж өгөхөөр болсон. Тэндээс найзуудтайгаа уулзаад бид хэдийн дурсамжит нэгэн өдөр эхлэсэн юм даа. Анх удаа Японд очиж буй хүн бол галт тэргэнд сууж сурах гэж их л төөрч будилах шинжтэй шүү ххэ. Буугаад л суугаад л буугаад л суугаад л. Найзуудтайгаа галт тэргээр хэд хэд яваад харин ойр зуурын буудал болон яаж явах зам чиглэлээ хардаг, яаж картаа цэнэглэдэг талаар хүртэл сураад авсан шүү ххэ. Энэ үед HALLOWEEN –ийн баяр дөхөж байсан учраас энд тэндгүй HALLOWEEN-ий чимэглэл байсан.
Бид хэд ч дэлгүүрийг ёстой нүүлгэж өгсөн дөө ххэ. Манай найзууд сурахын хажуугаар амралтаараа цагийн ажил хийдэг. Өөрийнхөө олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйлсдээ зарцуулаад , өөрийгөө аваад явж байгаа нь үнэхээр мундаг бахархмаар санагдсан. Ихэнх нь ээж ааваасаа мөнгө авах биш өөрсдөө олдог гэсэн шүү ххэ.
Алдарт ПҮРИКҮРА-д хөгжилтэй олон зураг даруулсан даа…
Сонголт оо гэж: Өнөөдөр их сонирхолтой зүйл хийсэн.
Цэцэгчин Хүслэн болсон гэхэд болно ххэ. Цэцэгний клуб байдаг юм билээ. Би түүнд нь хамрагдсан. Цэцэг хатгах, байрлуулах, сонгох, хайчлах гээд л бүгд бас л нарийн мэдрэмж шаардагдсан шүү. Хамгийн эхэнд ваар сонгох сонголт гарч ирсэн. Бүх ваар нь их гоё, гэхдээ заавал 3 ваар сонгох хэрэгтэй болсон. /болдог бол бүгдийг нь сонгочихмоор ххэ/ Аль болох 3 өөр загварын өөр өнгийн ваар сонгож авсан. Цэцгээ зүгээр л хайчлаад байрлуулаад байрлуулаад болоо гэж бодтол яг үнэндээ ямар өнцгийн налуугаар байрлуулах уу? Ямар цэцгийг нь аль цэцэгтэй хослуулах уу? Аль вааранд нь хийх үү? Аль завсраар нь гаргах уу? гэх мэт харахад их амархан хэрнээ их ажиглах, мэдрэх хэрэгтэй болсон. Нэгэн төрлийн бясалгал болж тархинд эргэлдэх олон бодлуудаас маань ангижруулж зөвхөн цэцгэндээ төвлөрөх боломжийг олгож мөн мэдрэмжийг маань илүү хөгжүүлсэн гэж бодож байна.
Хамгийн сонирхолтой хичээл нь юу байсан гээч?: Хөдөө аж ахуйн хичээл нь сургуулиас 5 км орчим зайд байрлах тусдаа танхимд 40 минут лекц, үлдсэн 40 минутанд гадаа талбайд хүнсний ногоог яаж тарих , арчлах, ургуулах гэх мэт зүйлсийг биеэр үйлдүүлж дадлагажуулдаг. Зүгээр нэг ном сурах бичиг уншаад бичиж суух бус өөрийн биеэр жимс ногоогоо тариад, арчлаад, ургуулаад, эцэст нь гэрлүүгээ авч яваад хүнсэндээ хэрэглэдэг нь маш их таалагдсан.
Сургуулиас автобусандаа суугаад ХАА-н талбай дээрээ очдог Өнөөдрийн хувьд Японы улаан лууван буюу Дайкон хураасан Хотынхоо өдөрлөг дээр хүлээн авагчаар ажилласан нь: Өнөөдөр буюу 10 сарын 26 ны өдөр Носэ хотын томоохон өдөрлөг болж байна. Сургуулийн захирал маань намайг ээжийн хамтаар хүрэлцэн ирсэн компанийн ажилтан, сургуулийн багш нарыг нэрээр нь бүртгээд суудлыг нь зааж өгөөд танилцуулга материал тарааж өгөх буюу бүртгэлийн ажилтан-р үүдэнд суулгасан нь их сайхан байсан. Орж ирсэн хүмүүстэй мэндлээд л , суудлыг нь зааж өгөөд л , юм асуувал түүнд нь хариулж өгөөд л үнэхээр сайхан бөгөөд Носэ хотод өдөр ирэх тусам дасаж ууссаар байсан.
Энэ өдөр AFS байгууллагын Осака дахь хотуудыг хариуцдаг буюу намайг хариуцаж буй Томоко Арайтай танилцаж халуун яриа өрнүүлж бүр фэйсбүүкээ ч солилцоод амжсан шүү ххэ. Явах өдөр маань хаяанд ирсэн учраас өнөөдөр гэрийнхэн, багш нар, найз нөхөддөө сэтгэлийн үгтэй захиагаа бичиж эхлэсэн. 30 хоног ийм хурдан харвасан сум шиг өнгөрнө гэж санасангүй. Бодож байснаас үнэхээр хурдан өнгөрч байна. Монгол руугаа явахад нэг долоо хоног л үлдсэн байна. Өчигдөр AFS-ээс явах бэлтгэлээ базаах талаар санамж зөвлөгөө болон захиа ирсэн. Тэр илгээмжийг хараад гэрийнхэнтэйгээ юм ярьж чадахгүй хоолой зангираад л байсан. Ээж маань бага зэрэг нулимс дуслуулсан. Гэхдээ манай гэрийнхэн намайг удахгүй дахиад Японд ирнэ гэдэгт итгэлтэй байдаг учраас , мөн би ирээдүйд Японд ирж сурна гэдэгтээ итгэлтэй байдаг учраас энэ талаараа яриа өрнүүлээд бүгд сайхан ирээдүйг хүүрнэж суусан даа ххэ. Өвөө маань надад өөрийнхөө бага байхдаа хэрэглэж байсан хайртай 2 номоо өгсөн. Тэр хоёр ном их зузаан хүнд ном байсан учраас ээж маань “гэртээ үлдээчих, оюутан болж ирээд гэртээ байхдаа хэрэглээрэй ээж нь номыг нь сайн хадгалаарай гээд өвөөд нь сайн хэлээд л байж байя”гэсэн. Би ч “ оюутан болоод ирээд хэрэглэнээ өвөө та хадгалаж байгаарай” гээд сайхан ирээдүйг төсөөлөөд ерөөгөөд гэртээ үлдээхээр шийдсэн . Бага зэрэг гунигтай боловч ирээдүйг сайхнаар төсөөлөн ярьсан сайхан шөнө байлаа.
Halloween –ын бялуу хийсэн нь: Манай сургуульд мөн хоолны клуб байдаг. Халловийн болох гэж буйтай холбогдуулаад Нада бид хоёр нэгэн өдрийг маш зугаатай өнгөрүүлсэн. Дээд ангийн охидууд хулуутай бялуу хийж, Нада бид хоёр рулетэн бялуу хийсэн. /Хоолны клуб нь маш гоё санагдсан. Гал тогооны бүхий л хэрэгсэл байдаг. Байхгүй зүйл гэж байхгүй байсан шүү ххэ./
Амьтны хүрээлэн үү? Усан парк уу?: Би хичээлээ тарж орж ирээд ээждээ тусалж мөн өөрийнхөө маргаашийн зүйлсээ бэлдэж хичээлээ хийчээд ээжтэйгээ хамт оройн хоол бэлдэнгээ өдөр бүр буу халангаа шинэ үгээ цээжилсээр байдаг байсан. Тэгж байтал эмээ ажлаасаа ирнэ. Араас нь эгч ,Рио, өвөө, хамгийн сүүлд аав маань ирдэг байлаа. Гэрийнхэн маань ирэх бүрт хаалганы чимээнээр сайн явж ирсэн үү өвөө эмээ гээд л жоохон хүүхэд шиг баярлаад угтаж авдаг байж билээ. Манай гэр бүл үнэхээр сайхан. Тэгээд л унтах хүртлээ гал тогоонд гэрийнхэнтэйгээ юм яриад суучихна шүү дээ ххэ. Өнөөдөр юу сурсан , ямар үг мэдэж авсан, хичээл ямар байсан гээд л бүх зүйлсээ ярьж өгнө. Бас асуумаар санагдсан зүйлсээ асууна … Манай эгч болон Рио гэртээ орж ирээд хоолоо идээд л дээшээ өрөөндөө орчихдог байсан. Тэгээд л би жалан дугуй болохоороо эмээ өвөөтэй ярьж өгнө. Өвөө маань надтай ярилцах их дуртай. Инээгээд л ярилцаад л … Нэг орой “өвөө нь гоё амьтны хүрээлэн үзүүлдэг юм билүү? Амьтны хүрээлэн үзэх үү эсвэл усан парк үзэх үү ? гэхэд нь ээж аавтай ярилцаж байгаад амьтны хүрээлэн орохоор болсон шүү ххэ . /Kyoto Zoo Park/ Маргааш нь өвөө , ээж, ээжийн дүү болон 3 дүүтэй хамт Кёотог үзэж, амьтны хүрээлэнд үзэж харж байгаагүй хөөрхөн амьтдыг ойроос харсан./гэхдээ ихэнх нь унтаж байсан шүү ххэ/
Үлгэрийн ертөнцөд байгаа мэт л мэдрэмж төрсөн. Амьтан бүр нэг хүүхэлдэйн киног бодогдуулсан адал явдалтай, зугаатай, хөгжилтэй нэгэн өдөр байлаа.
Алтан сүм/Кинкакүжи/ орж хүслээ шивнэсэн нь : Амьтны хүрээлэн орчхоод цааш маш үзэсгэлэнтэй байгальд байх гялалзсан алтан сүмийг үзсэн.
Өвөө маань надад /дээрх зурган дээр харагдаж буй алган дээрээ тавьсан тарни/ “Үргэлж үүнийг биедээ авч яваарай,үргэлж хүслээ шивнэж байгаарай.
Тэгээд заавал Японд ахиад ирээрэй, мөрөөдлийнхөө нэг хэсэг болох Японы их сургуульд заавал ороорой” гээд алдарт Алтан сүмээс санасан бодсон нь биелэхийг бэлгэдсэн тарнийг бэлэглэсэн.
Дүү нартайгаа хамт зайрмаг идэж өвөөдөө эрхэлсэн нь гэдэг зураг ххэ Kyoto-д Япон үндэсний хоолны газар хоолонд орох үеэр:
Носэ бага, дунд сургууль дээрх үйл ажиллагаан дээр: Носэ бага , дунд сургууль нь 2016 онд баригдсан шинэхэн сургууль. Өнөөдөр бага ба дунд ангийнханд 7 орны оюутан сурагч нар өөрсдийгөө англи хэлээр танилцуулж мөн өөрсдийн орны талаар мэдээллийг хүргэж мөн тэдний асуусан асуултад англиар хариулах буюу англи хэл дээрх үйл ажиллагаа байсан юм. Би сургуулиасаа macbook авчихсан түүн дээрээ өөрийн бэлдсэн илтгэлээ powerpoint дээр бэлтгэсэн байсан учраас их зүгээр байсан шүү. /Харуулах зурагтай, ярих юмаа бэлдчихсэн ххэ/
Энэ үед өөрийн танилцуулгаа хийж байх явцад намайг Монгол гэдгийг сонссон нэгэн багш надтай танилцаад мөн миний ирээдүйн зорилго мөрөөдлийн минь талаар сонссон. Явсаар явсаар тэр багш маань JASSO байгууллагын багш байж таараад надад хэлний бэлтгэлээс эхлээд их сургуулийн талаарх танилцуулга болон application form –ыг фэйсбүүкээр холбогдож байгаад уулзаж өгөхөөр болсон. Яг л ирээдүйн зорилго мөрөөдөлдөө алхам алхмаар ойртсоор буй мэт , хүсэл мөрөөдөл маань бүүр ч илүү бадамлан асаж буй мэт үнэхээр их зориг орсон эрч хүчээр цэнэглэгдсэн их сайхан өдөр өнгөрлөө.
Орон орны түргэн хэллэг ээ гэж: Өнөөдөр Япон хэлний хичээл дээр Монгол,Тайланд, Япон түргэн хэллэгүүд хэлсэн. Үнэхээр хөгжилтэй сонирхолтой байсан. Гадаад хүмүүс –л, -р үсэг орсон үгийг сайн хэлж чаддаггүй учир их гоё түргэн хэллэгийг сонгож хамгийн хурднаараа дуржигнуулж өгсөн дөө ххэ.”Ийм сайхан гөлгөр гөлчгөр гөлтгөр балтгар хотгор гүдгэр газрыг, ийм сайхан гөлгөр гөлчгөр гөлтгөр балтгар хотгор гүдгэр газар гэхгүй юм бол , өөр ямар янзын гөлгөр гөлчгөр балтгар хотгор гүдгэр газрыг, ийм сайхан гөлгөр гөлчгөр гөлтгөр балтгар хотгор гүдгэр газар гэх юм бэ “ гээд л явж өгсөн дөө ххэ…
Ээжийн заавраар: Өнөөдөр ээж надад зааварлаад би 7 хүний япон хоол хийхээр болсон. Ээж сайн зааварласан болоод ч тэрүү ёстой шүлс асгарам үнэртэй, янзын сайхан амттай эрүүл хоол болсон доо ххэ.
Маргааш нь Монгол хоол хийж өгсөн дөө ххэ. Японд хонины мах гэж байхгүй. Үхрийн мах кг-аар авбал их үнэтэй байсан учраас үхэр болон гахайн холимог татсан мах аваад төмсний нухшаар баяжуулаад зөөлхөн амттай хуушуур хийсэн ххэ. Бүгд амтархан идсэн шүү.
Ойрдоо хүйтэрч байгаа учраас /хавар намрын улиралд их байдаг / өмхий нисдэг хорхой элбэг болсон. Тэр хорхой нь үргэлж угаасан хувцасны хаа нэгтээ 2,3 аараа нуугдсан байхыг сүүлийн үед маш ихээр харж цочсон. Гэтэл өнөөдөр гэрийн өмдөө өмсөх гэтэл дотор нь нэг юм байхаар нь юу вэ гээд харсан чинь өнөөх хорхой чинь байдаг шүү. Ээжийг дуудтал сурамгай гэгч нь скоч авч ирээд наагаад л авчихсан ххэ. Энэ хорхойноос болж үнэхээр хөгжилтэй зүйл тохиолддог шүү ххэ.
Энэ хорхойг айлгах л юм бол маш өмхий үнэр гаргадаг маш том хорхой. /Камэмүши/
Япон хүмүүс ч их гарын уртай хүмүүс шүү: Намайг Наран 23 р дунд сургуульд буюу Япон хэлний гүнзгийрүүлэлттэй сургуульд сурдаг байхад багш нар маань үргэлж гараараа зураг зураад түүгээрээ үг цээжлүүлж тоглодог байсан сан. Гэтэл өнөөдөр тэр дурсамж маань гэнэт сэргэх нь тэр. Гадаад сурагч буюу Нада /Тайланд охин/ бид хоёрт зарим хичээлийн цагийг хасаад 5 хоногт өдөр бүр 2 цаг япон хэл тусгайлан орж байх хөтөлбөр гаргаж өгсөн юм. Би 12 сард JLPT N3 өгөх учраас япон хэлний багш нартаа хэлээд багшаас ном аваад мэдэхгүй зүйлээ асуугаад бусад зүйлсээ бие дааж хийж байхаар болсон юм. Харин манай Нада анхан шатнаас нь эхлэж сурч байсан учраас багшийн оролцоо зайлшгүй шаардлагатай байсан юм. Орчинд нь ирж сурсан болоод ч тэрүү хэдхэн хоногийн дотор үгээр хэлэхийн аргагүй хурдан сурсан шүү. /манай хүн анимэ үздэг байсан нь их нөлөөлж байгаа гэж байсан ххэ /
Япон хэлний /тусгай/ хичээлдээ суух гээд номын сан руу орж ирж явахад багш зураг дарж өгсөн ххэ
Нэг өдөр багштайгаа сайхан буу халаад явж байтал багш өөрийн хоббигоо бид хоёрт ярьж өгөөд бүүр хийсэн бүтээлээ хүртэл харуулсан гээд боддоо. Чөлөөт цагаараа үргэлж зурж, будаж байх хоббитой гэсэн.
11 сарын 1 буюу сургуулийн сүүлийн өдөр: Өнөөдөр өглөө хичээл орохоос 10 минутын өмнө багш нарын өрөөнд ирээрэй гэсний дагуу гэрээсээ 15 минутын өмнө гараад алхлаа. / өдөр бүр Риотой алхдаг байсан ч өнөөдөр би түрүүлж сургууль дээр очих хэрэгтэй байсан учраас ганцаараа алхсан/. Яг 10 минутын өмнө багш маань дуудаад багш нарын өрөөнд 1 сарын хугацаанд ямар байсан талаар сэтгэгдлээ хуваалцахыг хүслээ. Анх ирж байсан өдрөөсөө эхлээд л , багш нар нь ямар мундаг чин сэтгэлээсээ байдаг, хүүхдүүд нь ямар авьяаслаг дайчин мундаг хүүхдүүд байдаг гээд л мөн юу сурч мэдсэн ямар санагдсан гээд л бүхий л мэдрэмж сэтгэгдлээ ярьсан. /Ярьж байхад хоолой зангираад л тэр нь их хэцүү байсан ххэ./
Өнөөдөр нэг л гунигтай өдөр байлаа. Гэхдээ 29 хоног аз жаргал дүүрэн өнгөрүүлсэн хэрнээ сүүлийн өдрөө гуниглахыг хүссэнгүй. Харин ч илүү эрч хүчтэй, цоглог байхыг илүүд үзсэн. Тэгээд л өнөөдөр яг л өвлийн өвгөн бэлэг тараагаад явж байгаа юм шиг л багш нартаа бэлгээ тараасан даа ххэ. Харин ангийнхаа хүүхдүүдэд юу ч өгөөгүй мэтээр байж байгаад сургууль дээр хүүхэд үлдэлгүй бүгд явсан хойно нь Надатай хамт самбар дүүрэн зураг , сэтгэлийн үгээ бичээд, мөн 2 ширээ нийлүүлж байгаад сэтгэлийн захиатай бяцхаан бэлгээ үлдээгээд ангиасаа гарсан.
Манай ангийнхан надад бүгдээрээ захиа бичээд зурагтай хамт дурсгасан. Маш их таалагдсан шүү. /Үлдэцтэй, дурсамжтай сэтгэл шингэсэн сайхан бэлэг байлаа ххэ/
Япон эгчийгээ хараад л баймаар үнэхээр үзэсгэлэнтэй шүү.
11 сарын 2 буюу Осака дахь Монгол өдөрлөг: Дээд ангийн 2 хүүхэд, багш нарын хамтаар Осака хотын төвд очсон. Тэнд очиход яг л наадмын талбай дээр ирсэн юм шиг мэдрэмж төрсөн. Тэр өдөрлөг дээр Осака хотод сурдаг оюутан ах эгч нартай танилцаж Японд ирэхээс өмнө болон одоог хүртэл яаж хэрхэн амьдарч сурч байгаа талаар маш их зүйл сонсож, зөвлөгөө авсан. Түүгээр ч зогсохгүй бүгдэнтэй нь фэйсбүүкээр найзууд болсон шүү ххэ. Ёстой мундаг ах эгч нар байсан. Тэр өдөрлөг дээр ETNO SALON –ы дээл урлаач эгч бидэнд дээл өмсөөд загвар өмсөх санал тавьж, бид ч дуртайяа үндэснийхээ хувцсыг өмсөөд төв талбай дээр алхсан даа.
Харин сургуулийн багш нар болон хүүхдүүдтэйгээ хамтраад Лантуун Дохио ТББ/хүүхдийн хүчирхийллийн эсрэг сайн үйлсийн байгууллага/ –ын зурагтай дэвтэр, үзэг, магнет, наадаг зураг гэх мэтийг зарж , олсон ашиг орлогоо 100% Лантуун Дохио ТББ-д хандивлахаар болсон. /Монголын хүүхэд бүр аз жаргалтай байх болтугай/. Япончууд энэхүү ТББ –ын талаар их сайн мэддэг юм билээ ххэ.
Носэ дэх сүүлийн өдөр ба сүүлийн Orientation: Өнөөдөр Носэ хотод бас нэгэн өдөрлөг болж түүнийг үзэж байгаад өдөр Шин-Осака руу хөдөлсөн. Шин-Осака руу явахад аав, ээж, эгч болон Рио намайг хүргэж өгсөн. Бүгдээрээ хос футболкоороо хослоод явсан шүү ххэ./Харанхуйд зураг нь их бүрсгэр гарсан байна/. Өнөөдөр юм л бол уйлчих гээд нулимсан бороо оруулчих гээд байсан. Аль болох нулимсаа харуулж гэрийнхнийхээ сэтгэл санааг үймүүлэхгүй гээд л ихэд л нулимсаа тэвчсэн дээ. Эцэст нь Монгол хүүхдүүдтэйгээ уулзахад бүгд л “ Зөндөө уйлсан. Чи уйлмаар байвал сайхан уйл уйл. Тэвчиж байснаас сайхан уйлчихсан нь дээр” гэх үгийг сонсоод тэвчиж хурааж байсан нулимсаа урсгаад хаясан ххэ. Салах ёс гүйцэтгээд байрлуугаа орох гэж байтал манай гэрийнхний зүгээс зургийн цомог өгсөн. /Тэр цомгонд гэр бүлийнхэн, багш, дээд ангийн найз гэх мэт маш олон хүний надад зориулж бичсэн захиа болон дурсгалтай зургууд байсан. Маш нандин, сайхан бэлэг байсан шүү/
30 хоног уулзаагүй найзуудыгаа их санасан байсан шүү ххэ. Сүүлийн өдөр бүгд 30 хоногийн талаарх сэтгэгдлээ Япон хэл дээр яриад/ бүгдийнх нь Япон хэл гайхмаар сайжирсан байсан шүү/ , дурсамжит зургаа авхуулаад, бэлэг солилцох нь солилцоод, өглөө автобусанд суугаад улс улсаараа хуваагдаад ниссэн дээ. Хэзээ нэгэн цагт та нартайгаа ахин уулзана гэдэгт итгэж байна.
Онгоцны буудал дээр амжуулсан нь:
Онгоцонд: /Дээрээс маш гоё харагддаг шүү тиймээ/
Монголд: Ирсэн өдрийнхөө маргааш нь шууд “Ид ширийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв дээр очоод Монгол өдөрлөг дээр олсон орлогоо хандивлаж“ид шид бүтээгч хамт олон”-оор өргөмжлөгдсөн. /Оюутан болж хотод ирэхээрээ заавал сайн дурын гишүүнээр элсэх зорилт тавьсан ххэ/
Монголдоо очоод хөтөлбөрийнхөө мундаг найзуудтайгаа болон AFS-ын хамт олонтойгоо сонин сайхнаа хуучилж, мөн certificate –аа гардан авсан. /мөн адил оюутан болж хотод ирээд сайн дурын гишүүнээр AFS дээ ажиллана гэсэн зорилготой байгаа шүү ххэ/
Миний 30 хоногийн тэмдэглэлийг уншсан та бүхэнд баярлалаа. Мөн жил бүр олон сайхан хөтөлбөрийг зохион байгуулж хэрэгжүүлдэг AFS –ын хамт олондоо баярлалаа.
Эцэг эхчүүддээ болон мундаг дүү нартаа, найз нөхдөдөө, үүнийг уншин суугаа танд өөрийн харсан , сонссон, мэдэж авсан, ухаарсан зүйлээсээ буюу явахын өмнөх бэлтгэх ажлын талаар болон өөрийн зүгээс бяцхан зөвлөгөөг хүргэе
Явахын өмнөх бэлтгэл ажил болон миний зүгээс өгөх бяцхан зөвлөгөө: Өмнөх хөтөлбөрүүдэд явж байсан хүүхдүүдээс зөвлөгөө авахад бэлэг дурсгалын зүйлс ахиу авч явбал их зүгээр гэж байсан. Би минимал мөртлөө дурсгалтай зүйлсэд их дуртай учраас авч явахад ч авсаархан , өгөхөд ч минимал, дурсгалтай, Монгол гэж шууд бодогдохуйц бэлэг авч явахаар шийдсэн. Хамгийн гол нь олон найзууд, багш нартаа өгөх учраас жигд хэрнээ их хэмжээний зай эзлэхгүй бэлэг авч явбал зүгээр санагдсан. Жишээ нь түлхүүрийн оосор, хөргөгчин дээр наадаг соронз/магнет/ , үндэсний үйлдвэрлэл “Golden Gobi” шоколад, магадгүй захиа бичдэг бол Монгол зурагтай ил захидал гэх мэт. Ил захидал дээрх зураг нь монгол бичгээр бичигдсэн бол бүүр сонирхолтой, өвөрмөц байдаг юм байна лээ. Аан тийм, манай япон гэрийнхэн маань өнөр өтгөн их сайхан гэр бүл учраас очоод бүгдээрээ хос футболка өмсөөд явбал гоё санагдаад өвөө эмээдээ 1 хос, аав ээждээ 1 хос, 2 эгчтэйгээ бид гурав 1 хос буюу монгол зурагтай хос футболка авсан. Размерыг нь яаж мэдэж авсан бэ гэхээр манай гэр бүлийнхний танилцуулга зурагтайгаа ирсэн байсан учраас зурагнаас нь хараад ээжтэйгээ баримжаалаад авсан. Яг таарсан шүү ххэ. Япон өвөөдөө “Mongolian Hero” гэсэн нэртэй алганы дайтай хэмжээтэй, их сүртэй савтай монгол архи авч явсан. Япончууд архийг шингэлж байгаад уудаг юм байна лээ. Өндөр градустай ийм архийг шууд уучихдаг гэхээр яаж уудаг юм бэ тэгээд шууд согтох уу гээд гайхаад байдаг юм билээ. Тэгээд л градусыг нь дахин дахин хараад л байсан. Би эсвэл хэт өндөр градустайг нь аваад явчихсан юм болов уу ххэ. Бас Монгол хүн байна даа хаан, хатан сүүтэй цай, зөв аарцнаасаа авч явсан юм байна. Япончуудын зарим нь сүүтэй цайнд их дуртай зарим нь ууж чаддаггүй юм билээ. Харин Зөв аарцыг бол дийлэнх нь бүр ч ууж чаддаггүй юм билээ. Тэгэхээр зөв аарцнаас өөрөө уухаар авч яваад түүнээс ихийг авч яваад дэмий санагдсан ххэ. Мөн янз бүрийн арга хэмжээ ч юмуу Монгол өдөрлөг болдог. Тэр үед найзууддаа Монгол далбаатай шивээс гар болон шанаан дээр нь нааж өгч байсан. Их зүгээр юм байна лээ. Мэдээж жижигхэн хэмжээтэй далбаагаа мөн энгэрийн тэмдэгтэй авч явсан.
Цүнхэндээ жижигхэн аптектай явбал бас их зүгээр шүү. Миний хувьд гэвэл дархлаа дэмжигч цэнэг,хоолой сэрвэгнэсэн үед уух кофлет болон халуун усанд найруулж уух нунтаг бэлдмэл,толгойны өвдөлт намдаагч цитрамон, гэдэсний эм г.м авч явсан. Мөн идэх дуртай, витаминаар баялаг ааруултай аарцтай үрэлнээсээ авч явсан. Япон хүмүүс харин сонин амттай юмаа гээд идэж чаддаггүй юм билээ ххэ.
Сурах бичиг, дэвтэр номны хувьд гэвэл 36 хуудастай 2 дэвтэр л авч явсан. 30 хоногийн хичээл хийх учраас 1 дэвтрээ 3,4 хуваагаад хичээлээ хийж байсан. Би 12 сард нь JLPT N3 өгөх байсан учраас япон өврийн толь бичиг бас авч явсан. Аль эсвэл Shirabe jisho гээд апп байдаг/хэрвээ IPHONE барьдаг бол шүү/. Толь бичиг авч яваагүй үед энэ апп маш сайн найз болдог шүү кк. Сурах бичгийн тал дээр авч явах уу байх уу гэсэн эргэлзээтэй асуудал тулгарч байсан. Тэр нь юу вэ гэхээр Монголдоо ирээд хавар ЭЕШ өгөх учраас хими, биологийн том ном дэвтрээ авч явах уу ? гэдэг асуудал байсан. Хүүхдүүд давтлага хийгээд байдаг би энд 1 сар огт юм хийхгүй байгаад таг хоцорчихно байхдаа гэсэн айдсаасаа болоод химийн болон биологийн 2 ном авч явж байсан. Яг үнэндээ очоод эхний 4,5 хоног хийчээд л цаашаа огт номоо сөхөөгүй. Хийх боломж байсан лдаа, гэхдээ би хийгээгүй. Учир нь нэгхэн сар Японд ирж байж монгол хичээлээ хийж байхаар япон гэрийнхэнтэйгээ цаад өрөөнд буу халаад юм яриад сууж байсан нь амьд харилцаатай илүү сайхан санагдсан юм. Би нэг ширээний ард суучих юм бол нойр хүртлээ , орой хүртэл сууж ч чадахаар хүн учраас эхний 4,5 хоног хичээлээ хийгээд өрөөндөө л суугаад байдаг байсан. Нэг өдөр өөртэйгөө ярилцаад хичээлээ 1 сар хойш нь тавиад , Монголдоо очоод л хичээлээ сайн хийхээр өөртөө амласан. Үүгээрээ юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр 1 сарын хугацаатай явж байгаа бол төгсөх ангийн сурагч бол хичээл ном битгий авч яваарай очоод япон хичээлээ л хий, цаг гарвал япон гэрийнхэнтэйгээ л ойр бай, юм ярь, хамтдаа хоол хий, хамтдаа угаалга хий, хамтдаа гэрээ цэвэрлэ, хамтдаа зурагт үз л гэж хэлмээр байна ххэ. Мөн очоод өөрийн болон улс эх орныхоо танилцуулга, илтгэл тавих нь тодорхой гэж үзээд Монголыг харуулсан/8 хэлтэй/ CD аваад явсан. Энэ дотор Монголын талаарх бүхий л зүйлийг ярьсан харуулсан их гоё бичлэгтэй CD байсан/төв шуудангаас авсан/. Сүүлд явахдаа япон гэртээ нэгийг нь , япон сургуульдаа нэгийг нь дурсгал болгож үлдээсэн.
Хувцасны тал дээр 1 сар болох учраас олон хувцас авч явбал ачааны л нэмэр болно гэж бодоод нимгэн биед эвтэйхэн хэдхэн хувцас авч явсан. Магадгүй та явах гэж байгаа бол очих гэж буй газрынхаа цаг агаарыг сайн судлаарай гэж зөвлөмөөр байна. Интернэт хөгжсөн энэ цаг үед Google гээч зүйлээс юм болгоныг харж мэдэж авдаг болсонд талархууштай. Аан тийм, Монгол хүн байна даа үндэсний хувцас бол зайлшгүй авч явах зүйлсийн нэг шүү ххэ.