АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ

 

 

Сайн байцгаана уу!

Asia Kakehashi 2019 оны оролцогч Д.Тэргэл байна.

 

Миний бяцхаан аяллын тэмдэглэлтэй танилцана уу!

Монголоос явсан нь
2019 оны 8-р сарын 21-ний өглөө Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд.
Арван зургаахан настай өөр сэтгэхүйтэй, өөр ертөнцтэй, өөр амьдралтай, өөр мөрөөдөл зорилготой 10 хүүхэд өөрсдийн амьдралдаа маш том хөрөнгө оруулалт хийхээр эх орноо, гэр бүлээ, найз нөхдөө, сургуулиа орхин, харь газар луу явна гэж сэтгэл шулуудсан, айдастай ч догдлол дүүрэн үеийн зураг.

Японд ирсэн нь
Бид Улаанбаатараас Нарита хүртэл 6 цагийн турш нисэв. Өмнө нь олон удаа онгоцонд сууж байсан ч, энэ удаа арай хариуцлагатай, сандрах баярлах нь зэрэгцэж, цаг хугацаа гэрлийн хурд мэт өнгөрөн, нэг л мэдэхэд аагим халуун агаар биднийг бүчин ирсэн байв.
Манай MIAT-ийн онгоц газардах үедээ сайхан Монгол ая эгшиглүүлснийг ч хэлэх үү, “Би чинь одооноос эхлээд МОНГОЛ гэх нэрийг урдаа барина шүү дээ” гэх бодол улам илүү шигдсээр байлаа.
Orientation in Japan
Биднийг гайхалтай сайхан энергитэй AFS-ийн цамц өмссөн хүмүүс тосож авлаа. Яг үнэндээ энэ том газар төөрчихвий дээ гэсэн битүүхэн айдсаасаа болоод халуун цаг агаарыг тоогоогүй байснаа тэр үед л мэдэрлээ. Үнэхээр арьсаа аваад хаячихмаар ХАЛУУН байлаа.
Онгоцны буудал, орчин, дэлгүүр, харилцааг бол надаар хэлүүлэлтгүй ГАЙХАЛТАЙ гэдгийг нь та бүхэн мэдэж байгаа байлгүй дээ.
Автобусаар явсаар ойн дунд байрлах зочид буудалд ирэв. Биднийг өрөөнд оруулж өгөөд 6 гээд цуглаарай гэлээ. Доошоо буулаа….
OMG.Ямар олон хүүхэд байсан гээч. 200 өөр орны хүүхдүүд.
Биднийг 20 багт 10 10 аар нь хувааж, танилцуулж, тоглоом тоглуулж, тэмцээн зохиож, зуруулж, бодуулж, яриулж, Токио дох 3 хоногийг хэзээ ч мартагдахааргүй гайхалтай өнгрөөв. Манай багт надтай нэг зүг лүү явах Малайз, Индонез, Тайланд, Камбодж, Хятад, Вьетнам, Лаос охидууд байсан юм.
Би сүүлийн өдөр найзуудтайгаа үхтлээ инээж, харин өглөө нь Монгол найзууд болон AFS-ийн ажилчдаасаа салахдаа үхтлээ уйлсан юм даа.
Orientation in Yamaguchi
Би Японы Ямагүчи гэх өндөр барилга, дэвшилтэт технологиор дүүрсэн хот биш, жирийн л хэдэн барилгатай, ганц том дэлгүүртэй, 1 гаруй сая хүн амтай ХӨДӨӨ газар очсон юм.
Биднийг ахимаг насны 5-6 эмэгтэй, хэдэн хүүхдүүд угтан авлаа. Ийм хол газар ганцаараа Монгол хүн байх ч хэцүү байх даа гэсэн айдас л надаас салж өгөхгүй байсан юм даа.
Тэр өдрөө бид зочид буудалд хонон маргааш нь хоттой танилцах Orientation-оо хийж, бие биенийхээ болон хотынхоо талаар илүү ихийг мэдэж авлаа.
Дотуур байрандаа ирсэн нь
Энд ирж байгаа хүүхдүүд нэг бол айлд эсвэл дотуур байранд байрладаг. Харин би гадаад 5 найзын хамт Xavier гэх сургуулийн дотуур байранд байрлахаар болсон. Манай дотуур байр 1 давхартаа хоолны газар, номын сан, чөлөөт өрөөтэй. 2 давхартаа өрөөнүүд, шүршүүр/тус тусдаа учраас надад маш их таалагдсан/, индүүдлэгийн хэсэг. 3 давхартаа дахиад өрөөнүүд, нойл, сургалтын өрөө/study room/.
4 давхарт ганцхан laundry room буюу хувцас угаалгын өрөөтэй.
Тийм том биш ч авсаархан, цэвэрхэн, халуун дулаан, сайхан газар байсан даа. Бидэнд бүх хоолыг цаанаас нь өгдөг байсан учраас залхуураад л идээд л байсан нь 7 кг нэмсний чухал шалтгаан биз ээ.
Сургуультайгаа танилцсан нь
Манай ахлах сургууль 1 үедээ 3 бүлэгтэй. Нийт 9 ангитай. Угийн хөвгүүд цөөхөн сургууль бөгөөд би ангидаа 20 дох охин нь болж орсон юм./Манай анги тэр чигтээ охидууд/
Япон хүүхдүүд ер нь л их галзуу, дураараа. Ялангуяа охидууд нь. Тэд багш нартайгаа чөлөөтэй, нээлттэй харьцдаг бөгөөд анх ороод амаа ангайж билээ.
Дан ганц анги танхимаа бус бүхэл сургуулиа өөрсдөө цэвэрлэдэг, бүгд өөр өөрийн сонирхолтой, түүнийхээ дугуйланд хамрагддаг, нийтийн оролцоотой, сайхан сэтгэлтэй хүүхдүүд байлаа. Багш нар нь ч бас сурагчидтайгаа эелдэг, найз мэт харьцдаг, яг л миний мөрөөдлийн сургууль мэт байсан юм даа.
Сургуулийн аялал

Японы сургуулиуд аялал их эмх цэгцтэй. Учир нь 4 өдрийн Токио луу аялах аяллын зөвхөн ганц өдөр л тэд чөлөөт хувцас өмссөн. Бусад өдөр нь дүрэмт хувцастайгаа, ямар ч будаг, зүүлт, нэмэлт зүйлгүйгээр аялна. Бид Асакүса, Токио Диснейсий, ТокиоТаур гээд маш олон зурагтаар л үзэж хардаг зүйлсээ үзсэн. Үнэхээр азтай. Олон ч найзтай болж, гадаад найзуудтайгаа ч дотно болсон дурсамжтай аялал байсан.

 

Хост айл
Хэдий би дотуур байранд амьдарч байсан ч очсон мужийн маань AFS-ийн онцлогоор сард 1 удаа амралтын өдрөөр сайн дурын айлд очиж цагийг өнгөрүүлдэг байсан юм л даа. Би нийтдээ 5 айлд очсон байх. Жирийн л сайхан айлууд гадаадаас ирсэн өсвөр насны охиныг гэртээ байлгана гэдэг надад маш хүндэлмээр санагдаж байсан. Хамаг амттай, шимттэй, гоё сайхан бүхнийг надад зориулан авч, бэлдэж, Монгол дуу хүртэл цээжилсэн байсан нь миний сэтгэлийг их хөдөлгөж билээ.
Очсон айл дундаас маань хамгийн их очиж, хамт байсан айл бол 5 хүүхэдтэй айл. Аав нь том хотод ажилладаг, ээж нь 5 хүүхдээ харж гэртээ байдаг. Хэдий би 6 дах хүүхэд нь болж очсон ч насаар хамгийн том нь байсан учраас ээждээ байнга тусалж, өөрийн чадах бүхнийг хийхийг хичээдэг байлаа. Бид хамтдаа аялалд явж, нэгнийхээ тэмцээнийг очиж дэмжиж, хагартлаа идэж, Монгол хэл сурч, бууз хийж, үнэхээр мартагдахааргүй, гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлцсэн дээ.
Тэд хэзээ нэгэн цагт Монголд ирнэ гэж надад амласан.
AFS-ийн эвентүүд

Миний найзууд, багш нар, гэр бүлүүд минь багтсан AFS гэх гэр бүл бол миний хувьд 2 дахь гэр бүл минь албан ёсоор болж чадсан гэж би боддог.

Гадаад хүүхэд бүр LP /туслах/ багштай. Тэр багштайгаа байнга холбоотой байж, ярилцаж, зөвлөлдөж, хэцүү байвал энгэрт нь уйлж, жаргалтай байвал хамтдаа бүжиглэж, бүхий л зүйл дээр тусалж дэмждэг багш гэх нэртэй ч НАЙЗ минь байлаа. Манай багш ганц миний бус бид 6-ийн багш байсан учраас надад бүр ч амар байсан. Учир нь бидний асуудал ихэнхдээ адилхан байдаг байсан болохоор тэр.
Бид баяр бүрээр AFS-ээрээ уулзаж үйл ажиллагаа зохион байгуулдаг. Анх очиход Welcome Party, дараа нь Halloween party гээд явахад хүртэл Bye Party хийж өгсөн. Энэ Party болгон дээр сайн дурын хүмүүс гэр гэрээсээ хоол бэлдэн авчирч, биднийг тоглуулж, дуулуулж, бүжиглүүлж, хөгжилтэй байлгадаг байсан даа. Ямагүчид өөр хөтөлбөрөөр ирсэн олон хүүхэд байсан. Бид тэд нартай ч бас маш сайн найзууд болсон шүү.
Сайн дурын ажил
Бид тэнд байх хугацаандаа сардаа хамгийн багадаа 1 удаа сайн дурн ажил хийдэг байв.
Энэ нь надад маш их туршлага болон үлдсэн.
Хоол
Монголчууд махаа санадаг, хоолоо санадаг гэж гадаад явах гэж байгаа хүүхдүүдэд их хэлдэг. Гэвч миний бодлоор, ямар нэгэн улсад очиход тэр улсад ч бас амттай хоол хар мянгаараа бий. Чи тэднийг бүгдийг нь идье гэсэн ч амжихгүй байх.
Хоолны тухайд бол миний өгөх зөвлөгөө бол:
1.Хэтэрхий их загас идвэл дургүй болох магадлалтай.
2.Өдрийн 3 хоолонд будаа идэхээс татгалз. Таргална.
3.Чипсэнд живж болохгүй. Үнэхээр амттай учраас.
4.Мөнгөө хоолонд битгий дуусга.
Speech Contest
Би Япон явахаасаа өмнө Япон хэлийг сурч, судалдаг байсан учраас очоод хэлэн дээр тийм ч их асуудал гараагүй ч, яг сургуульд явах үед Япон хүүхэд шиг хичээлээ хийнэ гэдэг жаахан худлаа байлаа. Гэвч Түвшин тогтоох шалгалтаа сайн өгөхийн тулд чадах чинээгээрээ л өөрөө бэлдэж, найзуудаасаа мэдэхгүй зүйлээ лавлаж, ярилцдаг байв.
Харин нэг өдөр манай Англи хэлний багш бидэнд Speech Contest-ийн хуудас тарааж өгөв. 1000 үсэгтэй, зохион бичлэгээ илгээгээд тэрнээсээ шалгарвал индэр дээр гарч илтгэлээ тавин, бусад орны хүмүүстэй өрсөлдөх тэмцээн байв.
Би ч өөрийгөө туршиж үзэхээр шийдэн зохион бичлэгээ явуулав. Гайхалтай нь шилдэг 10т тэнцэж том танхимд уригдах нь тэр. Яг хариу авснаас хойш 1 сарын хугацаанд өдөр бүр, тасралтгүй бэлдэн, илтгэлдээ ба бэ-гүй цээжилж, тэмцээндээ оров.
Тэр тэмцээн бол хотын хэмжээнд зохион байгуулагдсан миний хувьд асар том зүйл байв. Маш их сандрал. Айдас. Гэхдээ одоо даваад гарсны дараа ярихад амар байгаа ч, тухайн үедээ л индэр дээр гарна гэж бодоход л сандардаг, ЯАХ БОЛ гэсэн айдас төрсөөр л байсан. 1-р байранд орсон. Шагнал авсан. Үнэхээр төсөөлөөгүй шүү.
Би үүгээрээ бахархдаг. Учир нь өөрийнхөө төдийгүй бусдын хувьд гайгүй өндөр босго тавьсан учраас.
Найзууд
Миний эрхэм хүмүүс.
YamagucciSquad.
Японоос Монгол руу.
Бид Монголд 3 сарын 25-нд ирэх ёстой байсан ч халдварт өвчний аюултай байдлаас шалтгаалан арай эрт буюу 3 сарын 9-нд Монголдоо ирэх шаардлагатай болсон. Японоос Орос, Оросоос Монголд ирэх төлөвлөгөө гарсан учир би нөгөө хэдээсээ эрт, ганцаараа Токио руу нислээ.
Токиод бид өргөмжлөлөө гардан авч, Монгол найзуудтайгаа шөнө унтахгүй сонин сайхнаа хуучлав.