AAI 2025 UB-тэй холбоотой зураг, бичлэгийг энэхүү холбоосоор нэвтэрч үзнэ үү.

AAI 2025 Улаанбаатарт зохион байгуулагдлаа

Дэлхийн 70 гаруй улсад албан ёсны салбартай, 110 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын соёл солилцооны хамгийн нэр хүндтэй, олон жилийн түүхт байгууллага болох AFS-ийн Ази Номхон далайн бүсийн дээд хэмжээний уулзалт болох AFS Asia-Pacific Initiative (AAI) Улаанбаатарт 9-р сарын сарын 12-15 хооронд зохион байгуулагдлаа. 

Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын залуус, хүүхэд багачуудын дэлхийн иргэн болж төлөвших боловсролын хөгжил болоод, боловсролын салбарын цаашдын олон талт боломжийг олон улсад таниулах онцгой арга хэмжээ болж буй юм. Тус уулзалтад Ази Номхон далайн бүсийн нийт 11 улс орны AFS-ийн албан ёсны төлөөлөгчид болон удирдлагууд оролцон, Монгол Улсын боловсролын салбарт гарч буй ахиц, дэвшил, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны боломжийг онцлон танилцуулсан аж. 

AFS гэж юу вэ?

AFS 1915 оноос хойш хүмүүнлэгийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаад 1945 оноос хойш өдөө хүртэл дэлхий дахинд нийт 500,000 гаруй хүүхэд, залууст 36.7 сая долларын тэтгэлэг олгоод буй олон улсын томоохон соёл солилцооны, сайн дурын, ашгийн бус байгууллага болсон юм.

Түүнчлэн, AFS нь одоогийн байдлаар дэлхий дахинд нийт 53,500 сайн дурын ажилтантайн дээр соёл солилцооны хөтөлбөрүүд нь жил бүр 12,176 оролцогчийг хамруулдаг байна. 

AFS-ийн дэлхийд үзүүлж буй хамгийн чухал нөлөөлөл нь Идэвхтэй Дэлхийн иргэн (Active Global Citizen)-ийг бэлтгэх явдал юм. Тодруулбал, мэдлэгтэй, эмпатитай, ёс зүйтэй, өөрийн шийдвэр, үйлдлээрээ илүү шударга, тэгш эрхтэй, тайван, тогтвортой дэлхийг бүтээхэд үнэ цэнтэй хувь нэмрээ оруулж чадах ирээдүйн иргэнийг бэлтгэхэд тус байгууллагын үндсэн зорилго оршино.     

AFS MGL-ийн тухай

Анх 1991 онд Монгол Улсаас 23-р ЕБС-ийн сурагчид 100% тэтгэлэгт AFS хөтөлбөрт хамрагдан Япон Улсыг зорьж байжээ. Улмаар 2003 онд тус хөтөлбөрт оролцсон төгсөгчид APAM ТББ (AFS Intercultural Programs, Mongolia) Сурагч солилцооны төвийг байгуулан өнөөг хүртэл тасралтгүй Монголдоо AFS хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудыг 21-р зуунд бэлтгэх үйл ажиллагаагаа явуулж буй аж. Харин 2020 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр “AFS Mongolia” болж өргөжин, одоогийн байдлаар нийт 100 гаруй улсын AFS-ийн төвтэй хамтран ажиллаж тал талын соёл солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ бүх хугацаанд нийт 450 гаруй монгол ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг AFS-ийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулсан байна. Түүнчлэн, АНУ-ын Нью-Йорк хотод байрлах төв оффис болох “AFS International”-ийн дэмжлэгт тэтгэлэгт хөтөлбөрүүдэд 15 гаруй монгол ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгч нарыг хамруулаад буй юм.

Тухайлбал, Ахлах ангийн сурагч солилцоо, AFS Академи, Гадаад хэлний сургалт, Насанд хүрэгчдийн сургалт, Багш, сурган хүмүүжүүлэгчдийн сургалт, Зочин гэр бүлийн хөтөлбөр (Host Family) зэрэг үндсэн 6 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж. 

Тэдгээрээс нэгэн жишээ дурдахад, AFS-ийн Япон Улс дахь салбараас хэрэгжүүлж буй Asia-Kakehashi хөтөлбөр л гэхэд өнөөгийн байдлаар Ази тивийн нийт 21 улсаас 1000 ахлах ангийн сурагчдыг Япон Улсын 47 мужийн нийт 300 гаруй ахлах сургуульд суралцуулан, соёлын солилцоог амжилттай гүйцэлдүүлээд буй. Тус хөтөлбөр нь AFS Mongolia-гийн хамт олны хичээл зүтгэлээр Монгол Улсаас жил бүр ахлах сургуулийн сурагчид уг хөтөлбөрт амжилттай хамрагдсаар ирсэн билээ.  

AAI гэж юу вэ?

Дээр өгүүлсэнчлэн AAI буюу  AFS Asia-Pacific Initiative нь AFS-ийн Ази Номхон далайн бүсийн дээд хэмжээний уулзалт юм. Уулзалтад Ази Номхон далайн бүсийн Хамтран ажиллагч байгууллагуудын удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүд оролцох бөгөөд уг уулзалт нь анх 1991 онд Индонез Улсын Бали аралд 5 гишүүн улсын хүрээнд эхэлж байжээ. Түүнээс хойш тасралтгүй өргөжин тэлсээр өдгөө 11 улсыг хамарсан томоохон холбоо болсон байна. 

Тус уулзалтын хамгийн эрхэм зорилго нь Ази Номхон далайн бүсийн улс орнуудын AFS-ийн салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу үеэ дэмжин дэлхийн иргэн болгох олон талт соёлын болон боловсролын хөтөлбөр, боломжуудыг эрж хайх, улмаар таниулан түгээж, бүс нутагт нөлөө үзүүлэх юм. 

Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэ жилийн уулзалтад Олон улсын байгууллагын Нью-Йорк хотод байрладаг төв оффис болох “AFS International”-ийн Ерөнхийлөгч Даниел Обст, Олон улсын ТУЗ-ийн дарга Эрнесто РейМорено болон Ази Номхон далайн Холбооны дарга Акико Като нар оролцож буйгаараа онцлогтой. 

Улаанбаатарт зохион байгуулагдсан ач холбогдол

Энэхүү олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж буй нь боловсролын салбарын хамтын ажиллагаа болон бусад хэд хэдэн онцгой ач холбогдолтой. Тухайлбал, Монгол Улсад анх удаа AAI-ийг зохион байгуулж буй нь бүс нутгийн хэмжээнд нэр хүндээ нэмэгдүүлэх боломжийг олгохын сацуу Ази, Номхон далайн 11 орны удирдлагууд, INT, BoT-той шууд холбогдох боломжийг давхар олгож буй. 

Түүнчлэн, AFS Mongolia байгууллагын стратеги, хөгжлийн төлөвлөгөөг олон улсын түвшинд танилцуулах, түнш сургууль, ивээн тэтгэгч, төрийн байгууллагууд, элчин сайдын яамдуудтай харилцаагаа өргөжүүлэх, Монгол Улсаас AFS-ийн хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид, сайн дурынхан, эцэг эхчүүдийн оролцоо, хичээл зүтгэлийг үнэлэх, боловсролын салбар дахь санхүүгийн шинэ боломжуудыг хайх, хөрөнгө оруулалт татах (fundraising, sponsorship) зэрэг олон ач холбогдолтой билээ. 

Үүнээс гадна, тус арга хэмжээний хүрээнд соёлын өв, орчин үеийн Монгол Улсыг олон улсын тавцанд сурталчлах, “Hearts of Asia-Pacific Beating Together” (Азийн зүрх нэгэн дор цохилно) уриан дор AFS Asia-Pacific буюу Ази Номхон далайн холбооны нэгдлийг бэхжүүлэх, улмаар AFS MGL-ийн ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс суурийг тавих гэхчлэн тал талын олон ач холбогдлыг дурдаж болно. 

AAI 2025 UB-тэй холбоотой зураг, бичлэгийг энэхүү холбоосоор нэвтэрч үзнэ үү.